Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар хур тунадас орсон.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн  өвөр говиор 11-16 градус, бусад нутгаар  бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи хойноос 6-11 м/с. 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 6-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 7-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 6-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.02-ны өдрийн 16:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 16:52 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Арцатын Задгайд иргэн Т-гийн 5 ханатай гэр, иргэн Б-гийн 4 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 00:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км замыг туулан 00:54 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.03-ны өдрийн 01:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 02:00 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлтӨмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн “Дахтын зоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 29 км-т/ 10.02-ны өдрийн 02:11 цагт 3.6 магнитутын /У-104020’00’’, Ө-49090’00’’/-ын газар хөдлөлт бүртгэгдсэн тухай мэдээллийг тус аймгийн Газар хөдлөл бүртгэх станцаас мөн өдрийн 09:05 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Адилбишээс мэдээллийн дагуу тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Шаварт суусан: Дорноговь аймгийн Сайншанд сумын Холбоот тойром багийн “Салхин сэнс” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 13 км-т/ өргөн сумаас Сайншанд сумын чиглэлд Ө-гийн жолоодож явсан “Приус 11” загварын суудлын автомашин 7 зорчигчтой /4 том хүн, 3 хүүхэд/ шаварт суусан тухай дуудлагыг 10.03-ны өдрийн 04:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 13 км замыг туулан 06:06 цагт очиж, 25 минут ажиллаж, автомашиныг шавраас татаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top